Сангийн сайд болон Хууль зүй дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын хүрээнд төслийг эцэслэн боловсруулаад өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Засгийн газраас хуулийн төсөлтэй танилцаад УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж шийдсэн байна. Хуульд
- Тендер шалгаруулалтыг хүний оролцоогүй хийдэг болох ба төрд байгаа мэдээллийг тендерт оролцогчоос дахиж авахгүй. Тендерт оролцогч нь цаашдаа цөөн материал бүрдүүлнэ.
- Тендер шалгаруулалттай холбоотой бүх мэдээллийг ил тод болгоно. Үнэлгээ хорооны мэдэгдэл, зөвлөмж дүгнэлт ил тод болж хурдан шуурхай болгоно. Нэг тендерийг шалгаруулахад зарцуулдаг хугацааг 20 хоногоор хэмнэхээр хуулийн төсөлд тусгасан. Мөн худалдан авах ажиллагааг зохион байгуулж буй этгээдийн хариуцлагыг нэмэгдүүлж хууль зөрчсөн бол ажлаас халах шийтгэл оногдуулах, гэрээгээ биелүүлээгүй аж ахуй нэгжийг хар жагсаалтад бүртгэнэ. Мөн эх оронч худалдан авалтын хүрээнд дотоодын бүтээгдэхүүнийг импортын бараатай өрсөлдүүлэхгүй гэж Сангийн яамны хууль эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэрэгжилтийн газрын дарга н.Батзул хэллээ.
Засгийн газраас тендерийн худалдан авах ажиллагааг хаврын хугацаанд яаралтай явуулаад дөрөвдүгээр сарын 1-нээс ажлыг нь эхлүүлэх зорилготой байгаа аж.
2022 онд улсын төсвөөр хэрэгжих 710 төсөл хөтөлбөр бий. Үүний 93 нь тендерээ зарлаад байна.
Өнгөрсөн оны мөн үед ердөө 1 тендер зарлагдсан байсан. Энэ сард багтаад энэ тоо 300 хүрэх төлөвлөгөөтэй гэв.