НАУРЫЗЫН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

Казах түмэн маань өвөг дээдсээсээ уламжлан ирсэн нарны буюу “НАУРЫЗ” баярыг өдөр шөнө тэнцдэг өлзий билэгтэй сайн цагт тэмдэглэж, шинэ оны анхны өдрөө ахан дүүс хотол олноороо учран золгож, буянтай буурлуудыхаа сургаал айлтгалыг сонсдог уламжлалтай билээ.

“НАУРЫЗ” баяр бол урин хавартай золгосныг угтан улиран одож буй оныхоо ололт амжилтыг дүгнэж, ирж буй жилийнхээ өнгө төлөвийг билэгдэн тодорхойлдог казах түмний үндэсний соёл, ёс заншил, найрамдал нөхөрлөлийн салшгүй хэсэг юм.

Энэ ч утгаараа Нэгдсэн Үндэсний Байгууллага Наурызыг Олон улсын баяр болгон тэмдэглэж байхаар зарлан тунхагласан түүхтэй. Тиймээс казах түмэн маань үеийн үед уламжлан ирсэн ёс заншил, соёл иргэншлээ наурызын баяраар дамжуулан дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх, таниулах онцгой ач холбогдолтой юм. Төр, Засаг маань ч “НАУРЫЗ” баярыг Цагаан сартай адил эрхэмлэж, казах түмэнд ямагт хүндэтгэл үзүүлдэг. Түүнчлэн Олон ястан үндэстний өлгий нутаг болох Баян-Өлгий аймаг маань Казах,Урианхай, Дөрвөд, Тува ахан дүүсээрээ өргөн дэлгэр тэмдэглэдгээрээ онцлогтой юм.

Монголын казахууд дэлхийн казахуудын дотроос үндэсний хэл, соёл, зан заншлаа хамгийн цэвэр, сайнаар өвлөн хадгалж байгааг Дэлхийн казахуудын холбооноос албан ёсоор тэмдэглэсэн нь Монгол төрийн бодлого зөв, тууштай байсаар ирсний баталгаа юм.

Та бүхэн домборын уянгат аялгуу, мөнх хөх тэнгэрт дүүлэн нисэх бүргэдийн хийморь дор Наурыз баяраараа айл саахалт, ахмад буурлуудаа хүндэтгэн золгож, элгээрээ энх амар, төрлөөрөө түвшин амгалан, сайхан баярлаарай.

ҰЛЫСТЫҢ ҰЛЫ КҮНІ НАУРЫЗ МЕЙРАМЫ ҚҰТТЫ БОЛСЫН

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР