ОРОН НУТАГТ ЗАСГИЙН ГАЗРЫН АВТОБААЗЫН САЛБАРЫГ БАЙГУУЛАХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА БАЙГАА ЭСЭХИЙГ СУДАЛЖ БАЙНА

              Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх асуудлын хүрээнд “Засгийн газрын автобааз” УТҮГ-ын үйл ажиллагааг өргөжүүлэх боломжийг судлан, холбогдох саналыг төслийн хамт боловсруулан танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг  Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 88 дугаар тушаалаар байгуулсан.

             Тус ажлын хэсэг  Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай зэрэг нийт 6 аймагт 10 дугаар сарын 17-22 хооронд ажиллаж, Засгийн газрын автобаазын үйл ажиллагааг орон нутагт өргөжүүлэх боломжийг газар дээр нь судлан, мэдээлэл цуглуулж  ажиллах юм.

               Ажлын хэсгийн гишүүд болох Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын Засгийн газрын референт Ц.Пүрэвхүү, ТӨБЗГ-ын Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мөнхбаатар, Засгийн газрын автобааз ААТУҮГ-ын захирал Г.Чинзориг нар 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймагт ирж ажиллаж байна.

                 Аймгийн Засаг дарга А.Камелият, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, Орон нутгийн өмчийн газрын Өмч хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Ботакөз  нар тус ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа.

              Уулзалтаар талууд Засгийн газрын автобаазын салбарыг орон нутагт байгуулах хэрэгцээ шаардлага байгаа эсэх, Засгийн газрын автобаазын автомашиныг орон нутагт ашиглах хэрэглэгч, үйлчлүүлэгчийн хамрах хүрээ, орон нутагт Засгийн газрын автобаазын салбарыг байгуулах арга хэмжээний эдийн засгийн үр өгөөж, өмч хөрөнгийн эзэмшлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, санал солилцож, шийдвэрлэх гарц гаргалгааны талаар ярилцлаа.