ЦАГААН САРЫН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ҮНДЭСНИЙ ХУВЦСААР ГОЁЛОО

Соёлын биет бус өвийн салшгүй хэсгийн нэг болох үндэсний хувцсаар бахархах үзлийг олон нийтэд төлөвшүүлэх, байгууллагаараа үндэсний хувцсаар гоёх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд зорилгоор тус газрын албан хаагчид Цагаан сарын баярыг тохиолдуулан үндэсний хувцсаар хувцаслаж 7 хоногийн аян өрнүүллээ.

Цагаан сар нь өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр юм.1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ. Харин үүнээс өмнө энэхүү баярыг цагаан идээний баяр хэмээн нэрлэж, намрын улиралд тэмдэглэж байсан гэдэг. Арвандолдугаар зуунд Монголд бурханы шашин сонгодог хэлбэрээ олж, Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс төрт ёсны энэхүү баярыг шашин номын ёсны баяртай хавсарган тэмдэглэх болсон байна. Хаврын эхэн сарын шинийн нэгнээс шинийн 15 хүртэлх өдрүүдийг бурхан багшийн эрхэт хувилгаан үзүүлсэн өдрүүд хэмээн нэрийддэг бөгөөд энэ өдрүүдэд ном хурах ёсыг Өндөр гэгээн Занабазар тогтоожээ. Олон зууны турш цагаан сарыг тэмдэглэсээр ирсэн нь хүн төрөлхтөний түүхэнд Монгол хэмээх нэрийг бичүүлж байгаа гол хүчин зүйлийн нэг хэмээн үзэх нь ч бий. Энэ баярын гол утга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, тэднийгээ хүндэтгэх зан үйлд оршдог.